420 гаруй мянган иргэн “Аюулгүйн талбай”-гаа мэдэж авлаа

0

С.Уянга

 Монгольн гурван сая иргэний тал хувь нь амьдардаг нийслэл хотод 29 жилийн дараа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийлээ. Сүүлийн 10 жилд 260 мянган удаа газар хөдөлж, жил ирэх тусам газар хөдлөлтийн идэвхжил огцом нэмэгдэж байгаагаас дадлага сургуулилт хийх зайлшгүй шаардлага буйг харж болно. Гурван өдөр үргэлжилсэн дадлага сургуулилтын эхний өдөр нийслэл, дүүргийн удирдах бүрэлдэхүүн “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиогоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бол өчигдөр нийслэлийн 1.5 сая иргэн ухамсар, хандлага, мэдлэг мэдээллийг сорьсон багахан хэмжээний “дайн” боллоо.

Иргэдийг аливаа гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах бэлтгэлтэй байлгахын тулд ажил, сургууль эхлэх цагийг хойшлуулж, замын хөдөлгөөнийг бүрэн хааж ОБЕГ болон НЗДТГ-аас цөөнгүй зохион байгуулалтыг хийсэн юм.

Иргэд 08:00 цагг зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулсан дуут дохиогоор орон байрнаасаа гарч, өөрт хамгийн ойр байрлах аюулгүйн талбайд очив. Онцгой байдлын байгууллагаас аюулгүйн талбайн байршил бусад зааварчилгааг урьдчилан өрх бүрт тараасан нь сайшаалтай. Иргэдийн хувьд нүүн шилжих дадлага сургуулилтад идэвхтэй хамрагдлаа. Хэдийгээр гэрээс гарахдаа чухал бичиг баримтаа авах, хэд хоногийн хүнсээ бэлтгэх зарим нэг мэдээлэл дутмаг байсан ч дуут дохиогоор орон байраа яаралтай орхиж гарах, аюулгүйн талбайд очиж бүртгүүлэхээ мэдэж авсан нь хамгийн том дэвшил байлаа. Иргэдийн дийлэнх нь газар хөдөлбөл даацын ханаа налаад доошоо суух, хаалгаа онгойлгох, намдахаар нь баруун гар талаа бариад тайван явах. Аюулгүйн талбай дээр очоод дэргэдэх хүндээ туслах, анхны тусламж үзүүлэх зэргээр заавал аврагчдыг хүлээхгүйгээр аюулгүй байдлаа хангах аргад суралцаж, мэдэж авсан. Ер нь төрд гомдоллож, аврагчдыг хүлээгээд суух биш иргэд дор бүрнээ хариуцлагатай байх л хамгийн чухал гэдгийг ойлголоо гэцгээж байв.

Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр нүүн шилжих дадлага сургуульд 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцсон гэх урьдчилсан тоон мэдээлэл гарчээ. Өөрөөр хэлбэл, 420 мянган иргэн сургуулилтаас олж авсан мэдлэг мэдээллээ гэр бүл, найз нөхөд, хамт олондоо түгээнэ. Хамгийн чухал нь хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөн сүлжээгээр мэдээлснээр Монголын гурван сая иргэн гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэлгэй болсон гэж ойлгож болно. Иж бүрэн дадлага сургуулилтын бас нэг онцлог нь иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зургаан дүүрэгт зохион байгуулсан явдал юм. Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурышлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй гэр, майхан, 100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байрыг тохижуулсан байв. Үүнд 3000 гаруй иргэнийг хамруулж газар хөдлөлийн бодит аюульг биеэр мэдрүүлсэн гэж хэлж болно.

Олон жилийн дараа зохион байгуулсан гамшгийн сургуулилтыг шүүмжлэх хүмүүс мэр сэр байсан ч иргэдэд өгсөн өгөөж, мэдлэг чадваргай харьцуулбал хумсын толио ч хүрэхгүй хар цэг байсныг онцлох ёстой. Угаас хорвоогийн бүх зүйл таалагддаггүй багны цаанаас шүүмжилдэг хэсэг бүлэг байсаар ирсэн. Цаашид ч байх биз. Тиймээс хэдэн өдөр, сараар нойр хоолгүй бэлтгэж, хэдэн мянган иргэнийг удирдаж үр дүнтэй ажилласан онцгой байдлынхан болон гамшгийн сургуулилтад гар бие оролцсон бүх хүнд алга ташсан нь илүү олон байсныг хэлэх нь зүйтэй. Харин иргэд энэ удаа олж авсан мэдлэг мэдээллээ улам бататгаж, ойр тойрныхондоо түгээх нь хамгаас чухап юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.04.26