Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн  аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос  5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 27-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багт “Түмэн буудай” ХХК-ийн хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 09:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 25 км зам туулан 09:44 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Хилчид”-ийн гудамжны Задгай-д “Айсди-Онлай” ХХК-ийн агуулахад эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 18:30 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт 2х3 хэмжээтэй амбаар, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 16:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 16:28 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 5 ханатай хоёр гэр, 3х4 хэмжээтэй амбаар, “Теана” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 18:51 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 18:59 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 23:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 23:52 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн “Дэнж” гэдэг газар иргэн Г-гийн жолоодож явсан “Матиз” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 05:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 05:27 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн ”Төмөртэй” гэдэг газар /сумын төвөөс  урд зүгт 16 км-т/ хоёр гэр, “Датсун” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 16 км зам туулан 14:20 цагт очиж 1 цаг 13 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр:  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 90 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 48 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, нийт  ОББ-ын 104 алба хаагч, орон нутгийн 68 иргэн, нийт 172 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.22-ны өдрийн 18:40 цагт  цурманд оруулсан. 04.23-ны өдрийн 19:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж түймрийн голомт руу явсан.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 13 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 79 хүн, 7 автомашин, 15 морьтой 04.22-ны өдрийн 22:00 цагт очсон. ОБЕГ-ын 2, ҮАБ-ын 21, нийт 23 алба хаагч ЗХ-ний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр мөн өдрийн 17:50 цагт хөөрч, 19:20 цагт Хэрлэн суманд буусан. 04.23-ны өдрийн 07:20 цагаас 12:42 цагийн хооронд түймрийн голомт- Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 удаа нислэг үйлдэж ҮАБ-ын 21, тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, нийт 45 алба хаагчийг хүргэж өгсөн. 04.24-ний өдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагын 58 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 13 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 125 хүн 7 автомашин, 15 морьтой унтраахаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэг 04.23-ны өдрийн 14:52 цагаас Хэнтий аймгаас хөөрч 16:27 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нислэгийн талбайд буусан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Төмөр замын 306 дугаар точкад зуслагийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Э /61 настай, эрэгтэй/ 04.21-ний өдөр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргээр 13:10 цагт очоод сураггүй болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 3 автомашинтай, 04.23-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрээс нь “Хараа” голын усанд эрэн хайх хүсэлтийг мөн өдрийн 09:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай, тус сумын Цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, 1 автомашинтай 10:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад “Хараа” голын эргээс зүүн хойд зүгт 6 км-т тухай иргэний үүрч явсан цүнхийг олсон. 04.24-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлнэ.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт иргэн Б-гийн охин У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай 4.23-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд тус сумын Бумбат багийн “Цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг тус аймаг дахь Цагдаагийн газраас  04.23-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 нохой, 1 завь, 1 автомашинтай 12:50 цагаас эхлэн Бумбат багийн Цагааннуур гэдэг газраас тус багийн Шарын голын бетонон гүүр хүртэл 18 км-т явганаар, мөн 1 метр гүнтэй тогтоол усанд  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:40 цагт түр зогсоосон. 04.24-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР