Амрах цагаар хомс аврах ангийнхан

0

Нийслэлийн иргэдийн аюулгүй амгалан аж төрөх нөхцөлийг хангаж ажилладаг нийслэлийн Аврах анги 105-аас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.

1969 онд “Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба” нэртэйгээр байгуулагдаж байсан энэ анги өнөө жил 50 жилийн ойтойгоо золгож байгаа гэнэ.

Өглөөний 10 цагийн үед очиход захирагч Ш.Мэндсайхан ангийнхаа үүдэнд алба хаагч нартайгаа өдрийн ажил хэргийн талаар ярилцаад зогсож байлаа.

“Өчигдөр Хийморийн овоонд гал гарч алба хаагчид маань шөнийн 2 цаг хүртэл ажилласан. Амарч амжаагүй л байна” гэж хөөрөлдсөөр аврагчдын нэг өдөртэй танилцах аялал маань эхэлсэн юм. Ангийн урд талын жагсаалын талбайд алба хаагчид дүрэмт хувцастайгаа бэлтгэлээ хийж байлаа. Тэд хоёр долоо хоногийн өмнө Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан жагсаалын үзүүлэх тоглолтод тэргүүн байр эзэлжээ.

Анги руу ороход алт мөнгөн цомнуудыг өрөөд тавьчихсан Алдарын танхим нүдэнд туслаа. Энэ ангийн аврагчдаас спортын алдартнууд олон байдаг юм байна. Аврагчдын дунд зохион байгуулагддаг жагсаалын болон сагс, волейболын тэмцээнүүдэд эдний хамт олон гол төлөв манлайлдаг юм билээ. Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Өлзийсайханы Батзул энэ ангийн алба хаагч ажээ. Мөн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат Аврах анги 105-д алба хааж байсан гэнэ.Энэ анги 80 гаруй аврагчтай юм байна. Нэг ээлжинд хоёр бүлгийн 16 алба хаагч, нэг аврах ажиллагаанд найман аврагч ажилладаг гэнэ. Хаврын улиралд гал түймрийн дуудлага нэмэгддэг. “Түймрийн дуудлагад шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллана. Өчигдөр л гэхэд Богд ууланд гал гарч бид шөнийн 2 цаг хүртэл ажиллаад цурманд оруулсан” гэж энэ өдрийн ээлжийн ахлагч Баярмагнай ярьсан юм.

“Дээхнэ үед бид нисдэг тэрэгтэй нийслэлийн дээгүүр эргэлдээд түймэр гарч байвал шүхрээр буугаад газар авахуулалгүй унтраачихдаг байсан. Тэр арга барилыг одоо хэрэгжүүлбэл зүгээр юм шиг санагддаг” гэж 23 жил аврагчаар ажиллаж буй ахлах ахлагч Б.Үнэнбүрэн ярилаа. “Хаврын улиралд өндрийн дуудлага их ирнэ. Манайхан сав л хийвэл өндрөөс үсэрчих гээд байдаг болсон. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд найз залуу маань саллаа, найз охин маань хаяад явчихлаа, амьдрах хүсэл алга гээд байшин дээр гараад зогсчихдог нь хэцүү. Тэднийг тайвшруулах гэж юм юм л болно” гэж яриагаа үргэлжлүүлэв. Үнэнбүрэн ахтай ийн ярилцах зуур түгшүүрийн дохио хангинах нь тэр. Нарантуул захын ард Цагаан хуарангийн нэгэн байрнаас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага иржээ. Нэг ээлжийн найман аврагч эмчийн хамт нүд ирмэхийн зуурт л шаардлагатай тоног төхөөрөмжөө старекс маркийн хоёр машинд хуваан ачиж дуут дохио хангинуулсаар Цагаан хуарангийн зүг хөдлөв. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар онцгойгийн машинд хүндрэл учруулдаг юм билээ. 10 орчим минутын хугацаанд яваад очиход бага насны хоёр хүүхэд таван давхрын цонхоор цээжин биеэ гаргачихсан тонголзож байсан юм. Гэрт нь ороход ээж нь бололтой 30 насны эмэгтэй унтаж байв. Ямартаа ч хүүхдүүдийг болзошгүй аюулаас аварч чадлаа.

АВРАХ АЖИЛЛАГААНД ЕСИЙН ТОС Ч ХЭРЭГ БОЛДОГ

Аврах 105 дугаар ангид ахуйн хүрээний ослын дуудлага их ирнэ. Ядам хуруун дахь бөгжөө авч чадахаа больсон эмэгтэй арга ядаад аврагчдад ханджээ. Хурууных нь арьс нь зулгараад яс нь гараад ирчихсэн эмэгтэйн хурууг есийн тосоор тослож гацсан бөгжийг нь хялбархан гаргаад өгчих нь лээ. Аврагчдын нэг төрлийн багаж нь есийн тос юм байна. Халуун паарны завсраар гараа хийгээд гацчихсан хүүгийн гарыг өнөөх л есийн тосоор тосолж байгаад гаргачихсан талаар хоорондоо ярилцана лээ.

Аврагчдад янз бүрийн л дуудлага ирнэ. Угаалгын машины сэгсрэгчид хүүхэд ороод гацчихлаа, согтуу хүн бие засах газрын нүхэнд уначихлаа, лифтэнд гацлаа, толгойдоо 10-ын бедон углаад авч чадахгүй байна гэх мэтийн дуудлагууд ар араасаа л ирнэ. Дунд ангийн хүүхэд худаг руу усанд явж байхдаа усны бедоноо толгойдоо углачихсан байгаа юм. Эрүүнд нь тээглээд өнөөх нь гардаггүй. Толгойг нь есийн тосоороо тосолж байгаад л гаргаад авсан даа гэж аврагч нар ярьж байлаа.

Хаалга үүд онгойлгох дуудлага тасардаггүй гэнэ. Онгойлгоод ороход аврагчдыг янз бүрийн орчин уггдаг байна. Эхнэрийнх нь дуудлагаар хаалыг нь онгойлгож өгөхөд нөхөр нь өөр эмэгтэйтэй орон дотор хэвтэж байх нь энүүхэнд. Ийм байдалд ороход гэр бүлийн хүн нь гарт тааралдсанаараа л шиднэ. Энэ бүхэн нь аврагчдад хүндрэл учруулдаг байна.

Аврагчдад хөгтэй явдал олон тохиолдоно. “Гавтай нэг цагдаа өндөр шар нөхрийн гараас хөтлөөд ороод ирдэг юм. Бид гайхаад л. Асуусан чинь гавныхаа түлхүүрийг олохоо больчихоод явсан нь тэр юм билээ. Өнөөх нь гараа чангаагаад гав нь чангарчихсан. Бид цаг шахам ноцолдож байж л тайлж билээ” гэж аврагчид ярилаа.

Зуны улиралд хүмүүс усанд их осолддог. Усанд осолдсон хүнийг хайж олох нь аврагчдын хувьд хүнд ажил. Хайх явцад иргэд хүндрэл учруулдаг байна. Усанд осолдсон иргэдийн ар гэрийнхэн лам, бөө нарыг ослын газарт аваад ирдэг гэнэ. Өнөө хэд нь “Ийшээ шумба, төд орчим метрийн гүнд тийм хувцастай хүн хэвтэж байна” гэх зэргээр “даалгавар” өгч ажилд нь хүндрэл учруулдаг байна.

Ахлах ахлагч М.Мөнхмандах “Аврагч хүн мэргэжил. Сэтгэл зүй дээд зэргээр бэлтгэгдсэн байх ёстой. Цусаар будагдчихсан газар л ажиллах энүүхэнд. Манайхан соёлд суралцах хэрэгтэй байгаа юм. Хөдөө орон нутгийн замд гарч буй ослуудаас гэр бүлээрээ амь эрсдэх тохиолдол элбэг. Гадны оронд нэг машинд гэр бүлээрээ, олуулаа зорчдоггүй. Ийм соёл бидэнд хэрэгтэй байна. Манайхан чинь гэр бүлээрээ бүгдээрээ чихэж яваад л авто осолд ороод голомтоороо мөнх бусыг үзүүлж байна шүү дээ. Харамсмаар” гэв.

Энэ өдрийн ээлжинд 21-48 насны 16 аврагч үүрэг гүйцэтгэж байсан юм. Бид дэд ахлагч Б.Чингистэй ярилцлаа. Тэрбээр 21 настай, аврагчаар ажиллаад жил болж байгаа гэнэ.

Аврагч мэргэжлийг яагаад сонгов. Ажилд ороод анх ямар даалгавар гүйцэтгэж байв?

– Миний аав, ээж зам тээврийн осолд орж амиа алдацгаасан юм. Ослын газар аврагч нар очиж осолд орсон иргэдэд анхны тусламж үзүүлж байгааг нь хараад л энэ мэргэжилд татагдсан даа. Ард нийтийн амар амгалангийн төлөө ажиллаж, нэг ч гэсэн хүний амь аварч гэр бүлийг нь бүтэн бүлээн уур амьсгалтай байлгах юмсан гэж боддог. Би 2016 онд Хууль сахиулахын их сургуулийн ахлагчийн сургуулийг төгссөн.

Анхны аврах ажиллагааныхаа талаар ярихгүй юу?

– Айдастай гүйцэтгэж байсан шүү. Ажилдаа ирээд л сууж байсан чинь дохио хангинаад л бужигнаад явчихсан. Би ч сандраад хар хөлс цувчихсан амьтан нурангид дарагдсан газар очиж байлаа. Хоёр ч хүнийг мэнд гаргаад ирэхэд нь албаны ах нараараа их бахархсан шүү. Надад их нөмөр болно. Над шиг залуу аврагчдыг хүн амьтан өнгөрсөн газар луу оруулахгүй. Ер нь иймэрхүү юм болдог юм гэдгийг анзаарчих л гэнэ. Сүүлд бодоход миний сэтгэл зүйг бэлтгэж байгаа нь тэр билээ. Дараа нь өндрийн дуудлагад явахад харьцангуй туршлагатай, айдас арилчихсан байсан даа. Өндрөөс үсрэх гэж байсан залуугийн амь аварчихаад буцаж явах ч мөн сайхан мэдрэмж төрж билээ.

Ямар зорилготой энэ ажилд орж ирсэн бол?

– Сурах юм их байна аа надад. Ур чадвартай аврагч болж олон хүний амь аврах сан гэсэн зорилготой энэ ангийн босгоор алхаж байлаа. Өдөр өдрөөр ур чадвараа ахиулаад л явж байна. Нийслэлийн иргэдийн амар амгалангийн төлөө ажиллаж байгаадаа бахархах сэтгэл төрдөг юм. Манайхан аврагчийн мэргэжлийг ойлгож хүндэлдэг болсон. Гудамжинд дүрэмт хувцастайгаа алхаж байхад л зам тавьж өгөх жишээтэй. Энэ мэргэжлийн үнэ цэнэ өсч байгаа. Аврагчаас анхны гавьяат цолтон төрсөн нь үүний баталгаа.

Тэрбээр Завханы Тосонцэнгэлээс аврагч болохоор ирсэн энэ хүү ажлынхаа хажуугаар ХААИС-ийн цахилгааны инженерийн ангид сурдаг гэнэ. Дотны хүмүүсээ автын ослоор алдсан Б.Чингис олон гэр бүлийн элэг бүтэн амьдралын төлөө ажиллаж байгаадаа сэтгэл өндөр явдаг юм гэсэн.

ТЭРЭЛЖИД ГАЗАР ХӨДӨЛБӨЛ УЛААНБААТАРЫН БАРИЛГЫН 80 ХУВЬ НЬ НУРАХ ЭРСДЭЛТЭЙ

Гамшгаас хамгаалах арга зүйн төв аврах анги 105-тай нэг байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өнөөдөр газар хөдлөлтийн талаар санаа зовдог хүн ховор. Тэгвэл одон орон судлал, геологийн эрдэмтэд Японы эрдэмтэдтэй хамтарч энэ талаар санаа зовох цаг ирснийг анхааруулжээ.

Тэрэлжид 7 магниудын хүчтэй газар хөдлөхөд л Улаанбаатарын барилгын 80 хувь нь нурах гэнэ. Газар хөдөлж ангал үүссэн газар дахин хөдлөх эрсдэл өндөр байдаг юм байна. Өнгөрсөн жил Тэрэлж, Гүнжийн сүм гэх зэрэг газруудад газар хөдөлж байжээ. Туул голын ойр орчимд газрын хөрс нь зөөлхөн байдаг учраас газар хөдлөх эрсдэл байдаг гэнэ.

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын манаанд бат зогсдог аврагчдын нэг өдрийг сурвалжлахад ийм байна. Хурд хэтрүүлсэн жолооч осолд ороход, хариуцлагагүй нэгэн түймэр ноцооход, хайхрамжгүй нэгэн усанд живэхэд аврахаар өөрсдийн амийг зольж зүтгэдэг аврагч залуусын ажил мэргэжил нийгэмд үнэлэгдэж байгаад 105 дугаар ангийн залуус баяртай явдаг юм билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 2019.04.22

О.Дашням