Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн нутгаар явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн болон Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зүүн аймгуудын ихэнх нутгаар 18-20 м/с, бусад нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар  25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 23-нд говь, талын нутгаар, 25-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 23-24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн автобусны буудлаас зүүн тийш 50 метрт “Тэнүүн-Огоо” ХХК-ийн эзэмшлийн “Даево” загварын том оврын автобусны хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 16:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3,5 км замыг туулан 16:15 цагт очиж, 5 минут  ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт иргэн Ч-гийн 5 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 07:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 07:36 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 3х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 12:33 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:43 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн “Ургамал” худалдаа үйлчилгээний төвд комиссын барааны дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 14:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1,5 км замыг туулан 14:04 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн “Хүүхэд асрах газар”-ын ногооны талбайн зүүн хойд талын замд иргэн Б-гийн жолоодож явсан “Портер” загварын ачааны автомашины бүхээг, хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 20:40 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 21:35 цагт очиж,  10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрБулган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 90 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 48 алба хаагч, 6 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, ОББ-ын 104 алба хаагч, орон нутгийн 68 иргэн, нийт 172 хүн, 22 техник хэрэгсэлтэй түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Баруун нарийн” гэдэг газар /сумын төвөөс зүүн  хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, ОББ-ын 59 алба хаагч, орон нутгийн 43 иргэн, нийт 102 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 240 га талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хазайн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.20-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 22 хүн, 2 автомашинтай ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт цурманд оруулж, 04.21-ний өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 30 га талбай шатсан.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар хөндийн давлага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 12:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 11 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 14 албан хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 77 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР